Wednesday, February 22, 2012

Нэг өдөр...

Сонин дээрх нийтлэл минь гаржээ. Хар бичгийн цаасан дээр цагаанаар гацуур мод, өвлийн өвгөнийг зурсан шинэ жилийн уур амьсгалыг санагдуулам зурагнууд наасан шкафны өмнө ногоон торгон хантааз, шингэхэн хар урт үстэй инээн зогсох би. Сандлын түшлэг түшин зогсох миний урд суусан 3н сурагч тод гэгч нь харагдана. Зүүн талын 2 нь камерын өмнө ичээд доошоо харсан байхад захын хүү харин сайхан гэгч нь инээмсэглэжээ. Гарчиг нь-Монгол хэл дээрх сургууль. Хичээлийн сүүлийн паар ангид-Урт цайвар үстэй нүүр дүүрэн инээмсэглэсэн профессор эмэгтэй миний дэргэд ирснээ өнөөх л үл ойлгогдох швейцарь германаараа хэд гурван үг хурдхан хэлээд авав. Би-Уучлаарай бичгийн германаар ярьна уу гэв. Та өнөөдрийн сонин уншсан уу гэсэн юм байж л дээ. Үгүй ээ гэтэл ардаа нуусан сонингийн нэг нүүрээ надад өгөв. Дээр дурьдсанчлан хүчээр ч гэсэн инээх гэж оролдсон өөрийгөө харав. Тэр багш эмэгтэй ингээд ангийнханд маань дамжуулаад унш гээд тэр хуудсыг өглөө. Дор бүрнээ анхааралтай унших оюутнуудыг хараад юу гэж бодож байгаа бол гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хажууд сууж байсан Сербиэс ирсэн охин Гоё болж гээд инээж байв. Эмээ шиг минь эмэгтэй над шиг оюутныг Та, Та гэх нь нэг талаар эвгүй ч юм шиг. Энэ улсад Багш нар бол хүндлэлтэй хүн огт биш, тэд бол зүгээр л мэдлэг олгогчид. Ихэнхи оюутны хандлага би хангалттай мөнгө төлсөн одоо чи надад миний хүссэн мэдлэгийг хэлж өгөх хэрэгтэй гэсэн маягтай. Ерөөс сурах эс сурах тэдний асуудал, таньд бүх боломж тань байна түүнийг ашиглах уу үгүй юу бидэнд хамаагүй гэсэн дүрэм энд үйлчилнэ. Гэтэл над шиг сураад өгөөчээ гээд гуйлгадаг оюутнуудтай бас багш нар бол эрхэм хүмүүс гэдэг улсаас ирсэн хүнд энэ мэт нь нэг бодлын маш зөв, нөгөө талаар хачин санагдах. Усыг нь ууж байгаа ёсыг нь дагахаас өөр яах билээ. Оюутнууд нь даалгавраа хиймээргүй хэцүү эсвэл огт таалагдахгүй байвал би хиймээргүй байнаа гээд л шулуухан хэлчихнэ. Улирал болгоны сүүлд багш нар нь тайлангаа тавьж , өөрсдийн үнэлгээгээ оюутнуудаас сонсоно. Хичээл тарлаа. Үдийн наран аажмаар доошилж байхад Швэйцарь, Герман, Австри хэмээх 3 гүрнийг холбодог нуурын хажуугаар нэгэн үүргэвч үүрчихсэн хамарных нь үзүүр улайчихсан охин явна. Машин дотроос харах айхтар харцуудтай таарахгүй гэсэндээ эгц чигээрээ харан гудамж даган алхлах тэр л хар хүрэмтэй охин...

2 comments: